Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн биеийн тамир сдортын газар болон МДХ хамтран 2 дах жилдээ зохион байгуулж буй Виртуаль дугуйн НАШТ-нд 15 байгууллагын 46 тамирчин 9 насны ангилалд оролцсон бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулбал энэ удаагийн тэмцээнийг ил тод байлгах үүднээс бүртгүүлсэн тамирчдыг онлайнаар бус зөвхөн зааланд уралдуулах байдлаар зохион байгуулсан бөгөөд Элит эрэгтэй, эмэгтэй, Өсвөр үе 15-18 нас эрэгтэй, эмэгтэй, Мастер 30-49 насны ангилал, Мастер 50+ насны ангилал, Сонирхогч, эрэгтэй 19-39 насны ангилал, Сонирхогч, эрэгтэй 40+ насны ангилал, Сонирхогч, эмэгтэй 19+ зэрэг 9 насны ангиллаар уралдлаа.
Тэмцээний эхний өдөр буюу 2024 оны 2-р сарын 3-ний өдөр 14:00 цагаас эхэлсэн бөгөөд Утопиа арал дээр талын уралдаан буюу шулуун замын уралдаан болсон бөгөөд 51,2 км замыг туулсан. Тус тэмцээнд Монголын дугуйн холбооны шигшээ багийн тамирчдаас бүрдсэн багаас гадна ахмад туршлагатай, мастер ангиллын тамирчид, өсвөрийн шилдэг залуу тамирчид мөн сонирхогч ангиллын тамирчид оролцсон нь тэмцээний өрсөлдөөний цар хүрээ болон өрсөлдөөнийг улам нэмэгдүүлсэн юм.
Тус тэмцээний хоёрдох өдөр буюу 2024 оны 2-р сарын 4-ний өдөр 14:00 цагаас эхэлсэн бөгөөд дээр дурдсанчлан 2023 оны Шотландын дэлхийн аварга болсон классик буюу уул, тал, уруу, өгсүүр зам хосолсон тойрог замыг сонгосон бөгөөд 23,4 км 3 тойрог нийт 70,5 км замд уралдлаа. Энэ удаагийн тэмцээнд 1-р байр эзэлсэн тамирчин Э.Болор-Эрдэнэ нь нийт замыг 1 цаг 09 минут туулснаараа үнэмлэхүй өндөр хурд гарч байгаа нь харагдаж байна.
Виртуаль дугуйн тэмцээн нь 2016 оноос хойш олон улсад дэлгэрсэн бөгөөд тамирчид бэлтгэл хийх нөхцөлийг тасалдуулахгүй байх, хаанаас ч бэлтгэл хийх боломжийг хангаж өгснөөрөө онцлогтой. Тус тэмцээнийг Дэлхийн дугуйн холбоо 2021 онд бүртгэж авсан бөгөөд ингэснээр олон улсад тивийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах боломжийг бүрдүүлж өгсөн.