Спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд явагдсан виртуал дугуйн хоёр дахь удаагийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр тамирчид хүч чадал, тэсвэр тэвчээр шаардсан уулын 70 км замд Утопиа арал дээр уралдсан. Тус тэмцээнд ОУХМ Э.Болор-Эрдэнэ эхнээсээ хошуучилсаар түрүүлж, УАШТ-ээс хоёр дахь алтаа зүүлээ. Тэрбээр өчигдөр болсон талын 64 км уралдаанд мөн түрүүлсэн билээ.
Э.Болор-Эрдэнэ уралдааны дараа “Би өнгөрсөн жил техникийн саатлаас болоод барианд орж чадаагүй. Харин энэ жилийн УАШТ-д амжилттай оролцохын тулд сүүлийн сар гаруйн турш яг энэ хоёр зам дээр тогтмол бэлтгэл хийсэн.
Өнөөдрийн уулын зам бол классик тамирчдад зориулсан, маш их тэвчээр шаардсан зам. Миний хувьд хамгийн өгсүүр уулын хэсэгт нь өрсөлдөгчөөсөө тасрах тактиктай байсан. Яг тэр тактикаараа уралдаад түрүүллээ” хэмээсэн юм.
Өвлийн улиралд Монголд бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг тул форм алдагдаж, бэлтгэл тасардаг. Харин виртуал дугуй орж ирснээр жилийн дөрвөн улирлын турш байнгын бэлтгэлтэй байх боломж бүрдсэнийг тамирчид хэлж байлаа.
Ийнхүү дугуйн спортын нэгэн сонирхолтой төрлийн УАШТ амжилттай өндөрлөж, виртуал спортын сайхныг үзэгчдэд мэдрүүлэв.
UNC | 1xBet Charity foundation
Your sport, your choice, our motivation!