МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБОО
2021 он
МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Монголын дугуйн холбоо нь дугуйн спортыг Монгол Улсад хөгжүүлэх, олон нийтийг хамарсан биеийн тамир, дугуйн спортын хөдөлгөөнийг өрнүүлэх, дугуйн спортыг сонирхогч, дэмжигчдийн сайн дурын үндсэн дээр тэдгээрийн хүсэл сонирхол, үйл ажиллагааг нэгтгэн үндэсний хэмжээнд хөгжүүлэн, тамирчдын ур чадварыг дээшлүүлж спортын амжилтыг олон улсын түвшинд хүргэх зорилготой байгуулагдсан нийгэмд үйлчилдэг сайн дурын гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага мөн.
- Энэхүү дүрэм нь Монголын дугуйн холбооны үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн.
- Байгууллагын албан ёсны оноосон нэр нь:
-“Монголын дугуйн холбоо” (монгол хэлээр);
-“Cycling Federation of Mongolia” (англи хэлээр);
-“ Federation Cycliste de la Mongolie” (франц хэлээр). - Монголын дугуйн холбооны албан ёсны хаяг нь:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Монголын Үндэсний олимпийн хорооны байр,208 тоот өрөө.
Харилцах утас, факс: +976-70009559;
Цахим хуудасны хаяг: http://www.cyclingfederation.mn
Цахим шуудангийн хаяг: cyclingfederationofmongolia@gmail.com - Монголын дугуйн холбоо нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн бөгөөд Олимпийн үзэл санааг тууштай дэмжигч, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцогч байгуулага мөн.
- Монголын дугуйн холбоо (цаашид “Холбоо” гэнэ) нь хууль тогтоомжид заасан журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
- Холбоо нь өөрийн тамга тэмдэг, бэлгэдэл, банкин дахь харилцах данс, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
- Холбоо нь зохих журмын дагуу санхүүгийн тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа жилийн тайланг холбогдох эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд тус тус гаргаж өгнө.
- ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ
- Холбоо үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:
– Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах;
– Олон улсын дугуйн холбоо (UCI) болон Азийн дугуйн холбоо (АCС) зэрэг байгууллагаас тогтоосон хэм хэмжээ болон Олимпийн Харти-г хүндэтгэн сахиж ажиллах;
– яс үндэс, гарал үүсэл, үзэл бодол, хэл, алдар цолоор ялгаварлан гадуурхахгүй байх;
– үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байдал, тэгш эрх, хамтын удирдлагын зарчим дээр тулгуурлан явуулах бөгөөд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байх;
– ашгийн төлөө бус байгууллага байх.
III.ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ХЭЛБЭР
- Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл:
1) дугуйн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
2) тамирчид, багш, дасгалжуулагч, шүүгч, мэргэжилтэн, сонирхогч, дэмжигчдийн дугуйн спортыг хөгжүүлэхтэй холбоотой хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах;
3) дугуйн спортыг хөгжүүлэх, энэхүү спортоор Монгол хүний авъяас чадварыг нээн илрүүлж ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин, тамирчид, багш, дасгалжуулагч бэлтгэх, материаллаг бааз, зам талбай, орчин нөхцөлийг бүрдүүлэн бэхжүүлэх;
4) дугуйн спортыг сонирхогч, дэмжигч, холбооны гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, удирдан чиглүүлэх, тэдгээртэй холбоотой аливаа үйл ажиллагааг зохион байгуулах;
5) Олон улсын дугуйн холбоо (UCI), Азийн дугуйн холбоо (АCC) болон гадаад улсын дугуйн холбоо, нийгэмлэг, клуб зэрэг ижил төрлийн спортын байгууллагатай харилцаж хамтран ажиллах;
6) өөрийн оронд зохион байгуулагдаж байгаа олон улсын болон дотоодын уралдаан, тэмцээнүүдийг мэргэжлийн удирдлагаар ханган өөрийн ивээл дороо зохион байгуулах;
7) сургалт, дасгалжуулалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
8) Олимпийн наадам, олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тамирчдыг тасралтгүй бэлтгэх, энэ үндсэн дээр эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах.
- Холбооны үйл ажиллагааны хэлбэр:
1) спортын сургалт, дасгалжуулалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, тамирчдын залгамж халааг бэлтгэж, тэдний спортын ур чадварыг дээшлүүлэн олимп, тив, бүсийн наадам, олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа бэлтгэж оролцуулах;
2) олон улсын спортын холбооны шугамаар зохиогдож байгаа хурал, зөвлөлгөөн, семинарт төлөөлөгчөө оролцуулах;
3) Монгол оронд зохиогдож байгаа дугуйн уралдаан, тэмцээн, аялал, жуулчлал, бусад арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөмж, удирдлагаар хангах;
4) орон нутгийн биеийн тамир, спортын газар, клубуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган заавар, зөвлөмж өгч, гарын авлага, мэдээ мэдээллээр хангах, үйл ажиллагаа явуулахад нь мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазаар хангах ажлыг зохион байгуулах;
5) дугуйн спортын салбар холбоо, клубуудын үйл ажиллагаанд хяналт тавих;
6) дасгалжуулагч, шүүгчдийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, тамирчид, шүүгчдэд спортын цол, зэрэг олгох, улсын дээд амжилтыг батлах асуудлаар холбогдох байгууллага, улсын цол, зэргийн комисст тодорхойлолт гарган санал оруулах;
7) тэмцээний заавар, спортын бэлтгэл сургалтын хөтөлбөр, үндэсний норматив, цол, зэргийн нэгдсэн ангиллыг боловсруулах, мөрдөж ажиллах;
8) дугуйн уралдаан, тэмцээний дүрэм, норм нормативыг Олон улсын дугуйн холбоо /UCI /-оос гаргасан хэм хэмжээнд нийцүүлэн байнга шинэчлэн баталж байх;
9) спортын хэрэглэл, материалыг хуваарилах, хэрэглэл, материалын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
10) тамирчид, дасгалжуулагчдын хөдөлмөр хамгаалал, нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарах;
11) дугуйн спортын бэлтгэл, уралдаан, тэмцээн зохион байгуулах замуудыг сонгох, шинээр байгуулах зэргээр замыг баталгаажуулах;
12) улс, олон улсын уралдаан, тэмцээний тайланд дүн шинжилгээ хийж, дугуйн спортын хөгжлийн түүхийн санг бүрдүүлэх;
13) дугуйн спортын бэлтгэл, сургалтын арга зүй, уралдаан, тэмцээний зохион байгуулалт зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, семинар, сургалт явуулах;
14) өөрийн орны нөхцөлд тохирох дугуйн спортын төрлүүдийг сонгон хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих;
15) олон улсын статустай болон гадаад орны мэргэжлийн байгууллагуудтай харилцаж, хамтын ажиллагааг өрнүүлэх;
16) спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжулагч, шүүгч, мэргэжилтэн, дугуйн спортыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүнийг холбогдох спортын байгууллагын болон төрийн шагналд нэр дэвшүүлж тодорхойлох;
17) дугуйн спортоор хичээллэж байсан ахмадуудыг сурталчлах, алдаршуулах, арга туршлагыг нь дэлгэрүүлэх, уулзалт зохион байгуулах;
18) холбооны хөрөнгө, санхүүгийн нөөц эх үүсвэр бий болгох, түүнийг арвижуулахад төр, олон нийтийн болон дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дэмжлэг, идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх;
19) холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлд заасан үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө төвлөрүүлэх.
IV.ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ
- Холбоо болон түүний гишүүнд хориглох зүйл:
1) холбоо нь дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулах;
2) холбооны орлогоос ноогдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өмнөөс төлбөр хийх;
3) холбооноос Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив өгөх, сонгуулийн компанит ажилд оролцох;
4) холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах;
5) өөрт эрх олгогдоогүй асуудлаар холбоог төлөөлөх, мэдэгдэл хийх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
6) ижил нэртэй байгууллага байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох;
7) холбоог хуваах, тусгаарлах, өөрчлөх, нэгтгэх, нийлүүлэх зорилгоор аливаа үйл ажиллагаа явуулах;
8) хууль тогтоомжоор хориглосон сэргээш хэрэглэх.
V. ХОЛБООНЫ ГИШҮҮН, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
- Холбооны гишүүдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр гишүүний эрх үүсэх бөгөөд холбооны гишүүнд элсэх асуудал сайн дурын байх ба гишүүнд дугуйн спортыг дэмжигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, спортын холбоод, хороо, нийгэмлэг, клуб, тамирчин, сонирхогч зэрэг этгээд элсэн нэгдэхэд нээлттэй байна.
- Гишүүн нь дараах эрх эдэлнэ:
1) холбооны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох;
2) холбооны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах;
3) холбооны үйл ажиллагаатай холбоотой журам, бусад шийдвэрийн төсөл санаачлах;
4) холбооны үйл ажиллагааны талаар санал, хүсэлтээ илэрхийлэх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх. - Гишүүн нь дараах үүргийг хүлээнэ:
1) холбооны дүрэм болон холбооноос гаргасан журмыг дагаж мөрдөх;
2) гишүүний татвар төлөх;
3) холбооны үйл ажиллагаанд оролцох, холбооноос гишүүнийх нь хувьд хүлээлгэсэн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
4) холбооноос хүлээлгэсэн үүрэг, даалгаврыг биелүүлэх боломжгүй тохиолдолд үндэслэлээ тайлбарлах;
5) холбооны аливаа албан тушаалд сонгогдох, томилогдохдоо сонирхлын зөрчлөө мэдүүлэх;
6) өөрийн үйл ажиллагааны улмаас холбоонд учруулсан хохирлыг нөхөн төлөх. - Гишүүний татвар :
1) холбоо нь гишүүний татвартай байна. Гишүүний татварын хэмжээг холбооны удирдах зөвлөлөөс тогтооно;
2) гишүүний татварыг жил бүр төлнө. Гишүүн өөрөө хүсвэл татварыг урьдчилан төлж болно. Энэ тохиолдолд татварын хэмжээнд өөрчлөлт орвол зөрүүг нөхөж тооцохгүй;
3) татвар төлөх журам, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын хөнгөлөлт үзүүлэх болон бусад асуудлыг удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Уг шийдвэр нь тодорхой гишүүнд давуу байдал олгохгүй.
- ХОЛБООНЫ УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал мөн. Их хурлын чөлөө цагт түүнээс сонгодсон удирдах зөвлөл ажиллах бөгөөд
тэдгээр нь тус холбооны үйл ажиллагааг удирдлагаар хангаж, дүрэмд заагдсан зорилго, чиглэлтэй холбогдсон ямар ч асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүргийг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна.
VII. ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ
- Холбооны Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
1) холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
2) холбооны үйл ажиллагааны мастер төлөвлөөг батлах;
3) холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
4) удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх;
5) холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх;
6) холбооны дэргэд зөвлөл байгуулах, татан буулгах тэдгээрийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах, чөлөөлөх;
7) холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх;
8) хяналтын зөвлөл болон бусад зөвлөлүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцэх ;
9) холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
10) ёс зүйн болон сахилгын дүрэм батлах;
11) энэ дүрэмд заасан бусад асуудал. - Холбооны Их хурал ээлжит болон ээлжит бус байна.
- Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулна.
- Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар хуралдуулж болно.
- Их хурлын төлөөлөгчдийн тоо, төлөөлөгчдийг сонгох журмыг удирдах зөвлөлөөс тухай бүр тогтооно.
- Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлана.
- Их хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн сонгогдсон төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэнэ.
- Их хурлыг төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон тэргүүлэгчид удирдана.
- Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна.
- Хуралд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гадна төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болно.
- Хурлын шийдвэр хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.
- Хурал сонгогдсон төлөөлөгчдийн 50-иас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно.
- Сонгогдсон төлөөлөгчдийн ирц дүрэмд заасан хувьд хүрээгүй бол Их хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж дахин хуралдуулах хугацааг товлоно.
VIII. УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
- Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог Их хурлаас тогтооно.
- Удирдах зөвлөлийн гишүүдийг Их хурлын төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар дөрвөн жилийн хугацаатайгаар сонгоно. Удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь орон тооны бус байна. Хоёр Их хурлын хооронд удирдах зөвлөлийн гишүүний сул орон тоо гарвал удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэн нөхөн сонгож болно.
- Удирдах зөвлөлийн даргын үүргийг Дугуйн холбооны ерөнхийлөгч давхар гүйцэтгэнэ.
- Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
1) Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2) Их хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх;
3) Их хурлын бэлтгэлийг хангах;
4) шаардлагатай нөхцөлд холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах;
5) холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын алба, зөвлөлүүдийн дотоод журам, тэмцээн, уралдаан зохион байгуулах журам, шагнаж урамшуулах журам, тамирчид дасгалжуулагчдын ёс зүйн дүрэм зэргийг боловсруулж батлах;
6) холбооны үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн бэлгэдэл бүхий тэмдэг, тугны загварыг батлах;
7) холбооны шагнал, медалийн загварыг батлах;
8) жил бүрийн эцэст Ерөнхийлөгчийн бодлого чиглэлийг харгалзан, холбооны ирэх жилийн төсөв, дотоодод тэмцээн, уралдаан зохион байгуулах, гадаадын тэмцээн, уралдаанд оролцох нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг батлах;
9) холбооны эд хөрөнгө болон бусад мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах талаархи ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээг тогтоох;
10) ерөнхий нарийн бичгийн дарга, нягтлан бодогчийн цалинг тогтоох;
11) ерөнхий нарийн бичгийн даргын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх;
12) өөрийн бүрэн эрхийн хүрээнд тэмцээн зохион байгуулах талаар шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
13) спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгч, мэргэжилтэн, дугуйн спортыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан
байгууллага, хувь хүнийг холбогдох спортын байгууллагын болон төрийн шагналд нэр дэвшүүлж тодорхойлох;
14) холбооноос шалгаруулах оны шилдгүүдэд олгох болон бусад шагнал урамшуулал, мөнгөн шагналын хэмжээг хэлэлцэж батлах;
15) холбооны дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тамирчны тэмцээнд оролцох, дасгалжуулагч, шүүгчийн ажиллах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, эрхийг хасах зэрэг арга хэмжээ авах.
- Удирдах зөвлөлийн дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
1) удирдах зөвлөлийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах;
2) удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах;
3) ерөнхий нарийн бичгийн дарга болон холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих;
4) Их хурлын болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
5) Их хуралд удирдах зөвлөлийн тайлан тавих;
6) удирдах зөвлөлийн гишүүн болон ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг өгөх. - Удирдах зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах бөгөөд хурлыг удирдах зөвлөлийн дарга зарлан хуралдуулна. Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхи ирсэн тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
IX.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ЖУРАМ
- Удирдах зөвлөлийн хурлыг холбооны Ерөнхийлөгч байхгүй буюу хэлэлцэж байгаа асуудал түүний сонирхлыг хөндөж байна гэж үзсэн тохиолдолд удирдах зөвлөлөөс сонгогдсон гишүүн удирдана.
- Удирдах зөвлөл нь дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулах, хөрөнгийн зориулалтыг өөрчлөх шийдвэрийг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар, бусад шийдвэрийг нийт гишүүний олонхийн саналаар гаргана.
- Удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна.
- Удирдах зөвлөл нь хувь хүний талаархи шийдвэрийг нууц, бусад шийдвэрийг ил санал хураалтаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
- Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудал нь ямар нэг гишүүний хувьд сонирхлын зөрчилтэй байна гэж үзвэл тухайн гишүүн энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэж, ирц хүрэхгүй болохоос бусад тохиолдолд санал хураалтад үл оролцоно.
- Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн ирцийн бүртгэл, тухайн хурлаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан
дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
- Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тухайн хурал даргалагч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
- Удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон бусад шийдвэр нь тухайн бичиг баримтад хүчин төгөлдөр болох хугацааг заагаагүй бол батлагдмагцаа хүчин төгөлдөр болно.
X.ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ
- Холбооны дэргэд Шүүгчдийн зөвлөл, Дасгалжуулагчдын зөвлөл, Ахмадын зөвлөл, Тамирчдын зөвлөл, Техникийн зөвлөлийг тус тус ажиллуулж болно. Эдгээр зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, эрх, үүрэг, ажиллаж журмыг удирдах зөвлөлөөс тогтооно.
МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ - Ерөнхийлөгчид нэр дэвших, сонгогдох, сонгох:
1) Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь нийгэм, улс төр, бизнесийн салбарт нэр хүнд бүхий дугуйн спортын хөгжилд санхүү, эдийн засгийн жинтэй хувь нэмэр үзүүлэх чадвартай, дугуйн спортыг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, удирдан зохион байгуулах чадвар, туршлагатай Монгол Улсын иргэн байна;
2) Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь холбооны Их хурал хуралдахаас 7 хоногийн өмнө өөрийн намтар, танилцуулга, 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэргийг холбооны зөвлөлүүдэд хүргүүлсэн байна;
3) Ерөнхийлөгчийг холбооны Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар, дөрвөн жилийн хугацаатай сонгоно. - Ерөнхийлөгч нь орон тооны бус байна.
- Монголын Дугуйн холбооны Ерөнхийлөгчийн эрх , үүрэг:
1) холбооны үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах;
2) удирдах зөвлөлийн гишүүдийг хурлыг зарлан хуралдуулах;
3) холбоог гадаад, дотоодын хурал, зөвлөлгөөнд төлөөлөн оролцох;
4) холбооны зорилгыг биелүүлэхэд чиглэсэн бодлого, мастер төлөвлөгөө боловсруулж удирдах зөвлөл, Их хурлаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдөж ажиллах;
5) холбооны Их хуралд ажлаа тайлагнах. - Холбооны Ерөнхийлөгчийг сонгуульт хугацаа дууссан, дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, эрүүл мэндийн хувьд хэвийн ажиллах боломжгүй болсон нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон, өөрийн хүсэлтээр татгалзсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
- Ерөнхийлөгч нь сонгуульт хугацаанаас өмнө ажил, үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд эрх, үүрэг дэд Ерөнхийлөгчид шилжинэ.
- Дугуйн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн холбооны Хүндэт Ерөнхийлөгч байна.
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА - Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нь тус холбооны гүйцэтгэх удирдлагын үүргийг хэрэгжүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь үйл ажиллагаандаа энэхүү дүрэм, холбооны Их хурал, удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг удирдлага болгоно.
- Ерөнхий нарийн бичгийн дарга нь дугуйн спортыг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, дугуйн спортод өөрийн амьдралын тодорхой хугацааг зориулсан, гадаад хэлний зохих мэдлэгтэй, гадаад, дотоодын байгууллага, хүмүүстэй харьцах харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, туршлагатай, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн байна.
- Ерөнхий нарийн бичгийн дарга нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах зорилгоор дэргэдээ ажлын албатай байна. Ажлын албаны бүтэц, орон тоо, төсвийг удирдах зөвлөлөөс батална.
- Ерөнхий нарийн бичгийн дарга нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1) дүрэм болон Их хурал, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог гадаад, дотоодод төлөөлөх;
2) холбооны өмч хөрөнгийг удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасны дагуу захиран зарцуулах ба санхүүгийн баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурах;
3) холбооны ажлын албаны бусад ажилтныг томилох, чөлөөлөх;
4) холбооны өдөр тутмын ажлыг зохион байгуулах;
5) удирдах зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг боловсруулах;
6) удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудлыг товлох;
7) холбооны хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах;
8) удирдах зөвлөлд жил бүр ажлаа тайлагнах, түүний дотор санхүүгийн тайланг бичгээр гаргах;
9) холбооны гишүүдийн бүртгэл хөтлөх;
10) холбооны үйл ажиллагаатай холбоотой албан бичиг баримтыг бэлтгэж боловсруулах ба эх хувийг болон үйл ажиллагааны бүхий л бичиг баримтыг архивлан хадгалах;
11) холбооны тамга тэмдэг, туг далбаа, бичиг баримт, бусад эд зүйлсийг үйл ажиллагаандаа ашиглах, хадгалж хамгаалах;
12) гадаад, дотоодын тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажиллах.
- Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэр нь тушаал хэлбэртэй байна.
ХОЛБООНЫ ХӨРӨНГӨ, ТҮҮНИЙ САНХҮҮЖИЛТ, ЗАРЦУУЛАЛТ - Холбооны хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1) Монголын Үндэсний Олимпийн Хороо болон бусад хуулийн этгээдээс хуваарилсан хөрөнгө;
2) Монгол Улсад спортын арга хэмжээ болон дугуйн спортыг хөгжүүлэхэд зориулж хандивласан ивээн тэтгэгчдийн хөрөнгө;
3) орон нутгийн болон улсын төсвөөс дугуйн спортыг хөгжүүлэхэд зориулан төсөвлөсөн хөрөнгө. - Холбооны эд хөрөнгийн өмчлөгч нь Монголын дугуйн холбоо байна.
- Холбоо нь дараахь эх үүсвэрээс санхүүжинэ:
1) улсын төсвөөс олгосон мөнгөн хөрөнгө;
2) гишүүдийн татвар;
3) иргэд, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж;
4) зээл, өвийн хөрөнгө, бусад өмчөө хуулийн дагуу ашиглах явцад олсон хөрөнгө;
5) олон улсын байгууллага, гадаадын байгууллагын төслийн санхүүжилт;
6) хууль тогтоомжид заагдсан бусад орлого, хөрөнгө. - Холбоо нь өөрийгөө санхүүжүүлэхийн тулд дүрэмд заагдсан зорилгод нийцсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болно.
- Холбоо өөрийн хөрөнгийг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглаж, захиран зарцуулна.
XIV. ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА
- Холбоо нь дэргэдээ хяналтын зөвлөлтэй байна.
- Хяналтын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Хяналтын зөвлөл нь ажлаа удирдах зөвлөлд танилцуулж, Их хуралд тайлагнана.
- Хяналтын зөвлөл холбооны үйл ажиллагаа нь дүрмийн хүрээнд явагдаж буй эсэхийг шалгаж, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлнэ.
Шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж болно.
- Хяналтын зөвлөлийн гишүүн шалгасан бичиг баримт, тайлан тэнцлийн нууцыг хадгалах үүрэгтэй.
- Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи нь оролцсоноор хяналтын зөвлөлийн хурал хүчин төгөлдөр болно.
- Хяналтын зөвлөлийн хурлын шийдвэр олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
- ХОЛБООНЫ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
- Холбоо нь Монгол Улсад дугуйн спортыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тамирчин, дасгалжуулагч, шүүгч, хандивлагч байгууллага, иргэд, дэмжигчдийг шагнаж урамшуулах зорилго бүхий өөрийн шагналтай байна. Үүнд:
1) Хүндэт өргөмжлөл, өргөмжлөл дагалдах мөнгөн шагнал;
2) холбооны хүндэт медаль, тэмдэг. - Тивийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн спортын их наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн их наадмаас медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн мөнгөн шагналаар урамшуулна.
XVI. ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХ
- Холбоог татан буулгах шийдвэрийг холбооны эрх барих дээд байгууллага гаргана.
- Холбоог татан буугдахад зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол ижил зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
- Холбоог хуульд заасан үндэслэлээр шүүх албадан татан буулгаж болно.