Спортын сэтгүүлч Б.Цагаанбаатарын санаачилгаар 2004 онд Триатлоны холбоо байгуулагдсан цагаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр бөгөөд энэ ч утгаараа тус тэмцээнд МДХ-ны харьяа байгууллагуудын баг тамирчид мөн оролцож, хурд хүчээ шалгадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Триатлоны УАШТ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 7-р сарын 20, 21-ны өдөр зохион байгуулагдсан ба дугуйн Хурд Эрдэнэт, УДА, Рөүд Монголиа, Манай найзууд, АНУ-ын унадаг дугуйн холбоо MGL Diablo cyclists мөн UBCC клубуудын 10 гаруй тамирчид оролцлоо. Нас болон оролцсон ангиллаар Эрэгтэй элит Манай найзууд клубын С.Бат-Отгон мөнгөн медаль, Сонирхогч эрэгтэй 30-39 насны ангилалд Рөүд Монголиа клуб Т.Цогт алтан медаль, Сонирхогч эрэгтэй 40-49 насны ангилалд Рөүд Монголиа клуб Э.Батмөнгөн мөнгөн медаль, Сонирхогч эрэгтэй 50-59 насны ангилалд Манай найзууд клуб О.Доржсүрэн алтан медаль, Сонирхогч эмэгтэй 20-29 насны ангилалд УДА клуб Э.Жаргалмаа, Сонирхогч эмэгтэй 40-59 насны ангилалд АНУ-ын MGL Diablo cyclists клуб А.Зулцэцэг нар алтан медаль хүртсэн байна. Багийн буухиа тэмцээнд Манай найзууд клубын тамирчид 1-р байрыг эзэлсэн байна. Тэмцээний шүүгчээр Өвлийн триатлоны дэлхийн чансааны 8-р байранд эрэмбэлэгддэг, Рөүд Монголиа клубын тамирчин Н.Алтаншагай ажилласан. Түүнчлэн Орхон аймгийн Хурд Эрдэнэт клуын тамирчин Ч.Гансүх нь триатлоны спортын мастер бөгөөд энэ жилийн хувьд 19 дэх жилдээ оролцож байна.
Баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье!