Монголын дугуйчид сүүлийн жилүүдэд ОУДХ-ны /UCI/ мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд идэвхитэй оролцож буй бөгөөд ОУХМ С.Жамбалжамц “UCI 2.UWT” ангилал буюу Дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг 103 жилийн түүхтэй Испаний “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцож уралдсан анхны Монгол дугуйчин боллоо.
UCI тэмцээнүүд нь үндсэн 6 ангилалд хуваагддаг ба хамгийн чансаатай нь 2.UWT буюу “UCI World Tour” ангиллын олон өдрийн тэмцээнүүд юм. Энэ ангилалд нийт 15 уралдаан багтдагаас “Tour de France” шилдэг нь билээ.
“2.UWT” ангиллын тэмцээнд зөвхөн “UCI World tour” ангилалын 18 баг мөн “UCI Pro tour” ангилалын 17 баг оролцох эрхтэй ба манай Жамбаагийн уралдаж буй “Burgos BH” баг Pro tour-ын ангилалд багтдаг юм.
Мэргэжлийн тэмцээний анхны амжилтуудыг UCI чансаагаар дурьдвал:
• UCI 2.2 ангиллын тэмцээнээс анхны Хүрэл цомыг Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших “Tour of SIAM” 2005 он
• UCI 2.1 ангиллын тэмцээнээс анхны Алтан цомыг ОУХМ С.Жамбалжамц “Tour of Thailand” 2021 он
• UCI 1.2 ангиллын тэмцээнээс анхны Алтан медалийг ОУХМ С.Жамбалжамц “Kahramanmaraş Grand Prix” 2021 он
• UCI 2.Pro ангиллын тэмцээнээс анхны Мөнгөн медалийг ОУХМ Б.Мягмарсүрэн “Tour of Qinghai lake” 2023 он
• UCI 2.UWT ангиллын тэмцээнд оролцож замаа дуусган нэрээ түүхэнд үлдээсэн Монголын анхны дугуйчин ОУХМ С.Жамбалжамц “Tour of Catalonia” 2024 он.
Уг тэмцээний 103 жилийн түүхэнд Ази тивээс Казахстанаас 18, Японоос 3, Иранаас 2, Хятадаас 2, Узбекистанаас 3 тамирчин тус тус оролцож байжээ.
“UCI Continental” буюу Тивийн мэргэжлийн 180 баг байдаг бөгөөд МДХолбоо анхны “Ferei Mongolia” багаа 2022 онд байгуулж байв.
Мөн UCI-д бүртгэлтэй ОУ-ын тэмцээнд оролцох эрхтэй сонирхогчдын 679 баг, клуб байдаг байна.
Мэдээж Монголын дугуйчдын том зорилго Олимпод оролцож амжилт үзүүлэх боловч эцсийн зорилго “Tour de France”-д оролцож амжилт үзүүлэх билээ!
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА!