ОУХМ С.Жамбалжамц тэргүүтэй Шигшээ багийн тамирчид 4 сарын 07-11-нд Туркийн “Tour of Mersin” уралдаанд Европын голдуу 25 багийн 163 дугуйчинтай ширүүн өрсөлдөж багаараа топ 9-рт, хувь нийлбэр дүнгээр ОУХМ С.Жамбалжамц 14-т, ОУХМ Б.Идэрболд 23-р байр эзлэж топ 25-т багтлаа.
Тэмцээний 3 дахь өдрийн уралдаан дан өндөр уултай бүхнийг шийдвэрлэх өдөр байсан ба Жамбаа маань Испаний дугуйчинтай тасарсан боловч бороотой өдөр уруу чулуутай зам дээр онхолдож, дугуй нь эвдэрч саатан түрүүлэх боломжоо харамсалтайгаар алдав. Гэхдээ хүнд бэртэл аваагүйд нь баярлаж байна!
Ийнхүү Шигшээ багийн болон “Ферей Монгол” мэргэжлийн багийн тамирчид 2 сар гаруй суурь бэлтгэлээ базаан хаврын эхний уралдаанууддаа амжилттай оролцон өчигдөр эх орондоо түр амсхийхээр ирлээ.
Бидний эхний хагас жилийн зорилго Азийн аварга болой. 5 сард ҮШБ-ийн тамирчид Хятадад 11-14-нд, Туркэд 16-19-нд, Узбекистанд 27-31-нд тус тус уралдаж улмаар 6 сарын 05-12-нд Алма-Ата хотод Ази тивийн АШТ-нд оролцоно.